Соёл урлаг

Зөөлөн аялгуу

Суль  бүднүүр  сугсрах  нөмгөн  их  талаасаа

Сураг  алсад  суугаа  нэгнээ  үгүйлж  санагалзана

Сууж  дуулж  л  зөрсөн  заяа  зам  хөндөлдөвч

Суугаа  энэ  нутагтаа   сэтгэлийн  аргамж  чангаана

Униар  будан  дээшлэх   зуны  ногоон  өглөө

Усны  тунгалаг  хангайд  үүл  суниаж  наашлана

Урт  холын  аянд  жингийн  цуваанаас  хоцорсон

Уяхан  сэтгэлийн  харгуй  тоосондоо  улам  холдоно

Мойл  жимс  нь  молцоглох  зун  намрынхаа  холд

Модод  болоод  бороо  нь  зүсэрч  дайраад  уйдаана

Монгол  гэдэг  диваажинд  оройтож  хоёул  хариагүй

Моодон  оодон  санааны   цулбуур  аяндаа  чирэгдэнэ

Ирж  туйлах  өдрүүд  эрхи  имрэхийн  лугаа

Ийн  тийн  өнгөрсөөр  даваа  даваад  чилийнэ

Ижий  бурханд  мөргөсөөр   орчлон  аргадаж  удахад

Их  сайхан  юмс  намайг  орхиж  цаашлана

Яруухан  ягуухан  түүний  зай  сиймхийд  бөртийж

Явуутай  уянгийн  хорвоод  шүлэгс  харин  ээрнэ

Янаг  дотныг  үзээгүй  хоёр  биений  аглагт

Яагаад  гэлээ  мэдэхгүй  өөрөө  өөртөө  үглэнэ

Амгалан  зөөлөн  суувчиг  болдоггүй  сэтгэлийн   эрхэнд

Аясаж  уясаж  суух  л  буян  хишиг  даллана

Алтан  гэдэг  дэлхийд  нэг  л  үзэгдэх  насны

Аз  тавилан  иймийг  өөртөө  дуулж  саатна

2018-8-16  Хөх  чулуут  сайрын  баруун  хөвөө

САЙН  МӨРИЙН  ДУРТГАЛ

Тэнгэрийн  шүлэгс  лугаа…

Дуу  шүлэг  хоёроо  алга  сэтгэлд  талбиад

Дундрахгүй элбэг авьяас  цагаас  ойж  одовч

Цөөхөн  нь  цөөхөндөө  яруухан    энэ  монголын

Цөөвөр  чоно  шиг ад-  дуртахуйн  галд  өлчинөм

“Цаст  цагаан  уулын”  Явууг  ирүүлсэн  бүүвэйнд

Цал  буурал  Ренчины “монгол  хэлээр”  омогшхуй

“Цэлмэг залуу”  явсан Цэдэнжав баавайн  онгодыг

Цэдэндорж  хувилгаан гүүш  “хоёрхон  чавхдасанд” нийтгэнэм

Хэт  цахиур  шиг  Чойномын  туйлж  өмөөрсөн  орноо

“Хээрийн  цай”  шиг  Пүрэвдоржийн  “Тусгаар тогтнол”  оршихуй

“Би монгол  хүн” ээ  одоо  мэдэх  шиг  улиглавч

Билчээртээ  гарсан  Нямаагийн  “Аргалын  уул”   мөнхөрнөм

“Говийн  өндөр”  Дооровтой  “хойтонгийн  наадам” зүүдлэж

Гол  усны  алсаас  “аргамжааны  чулуу”  нь  чангаахуй

“Онон   хатан  ижий” д  Нямдорж  ахиад  ирэхэд

Ойрад  зүгийн  уулс  Хөөдөөг  дагаж  будантнам

“Норсон  борог өвс”нөөс  Нямсүрэн  хавар шиг ургаж

Ногоон номхон  толгодод  Чимиддоржийн  адуу  янцгаахуй

“Их  Тээлийн даваа”наас  намрын нүүдэл  наашилж

Ирэх  айлын  нутагт  “Дэлгэр  монгол”  хүлээнэм

“Азын  цэнхэр  уул” наа  Пүрэвтэй  тамхилж  хуучлахуй

Адар  хүдэр  шүлэгс  Паламаа  тойрч  аргадаад

“Амьддаа  нэгнээ  хайрлах”  арай  баахан  мөхөсдөж

Азгүйдээ  бидний  гээсэн  Эрдэнэ-Очироо  л  үгүйлэнэм

Эх  орон  эх  орон  гэвчиг  дуулдаг  хайлдаг  нь  цөөн

Элж  мөлийгөөд  буцсан  аанай  хэдэн  найрагчид

“Миний  нутаг” аа  тойроод  үнэн  зүрхнээс  шаналдаг  нь

Мишээх  уйлах  ойрхон  тэнгэрийн  алтан  бурхад…

 2018-10-6  Хөх  чулуут  сайрын  хөвөө

ДОРНО  СОЛОНГОРНО

Үлэмжийн  чанартай тарни босоо  хэвтээ  урсахуй

Үүл  уулын  сиймхийд  хийморин  дээшээ  солонгорно

Үйл  үрийн  зурлагатай  улаахан  дорнын  сунтагт

Үнэнхүү  газрын  элчис  өөдөөс  тосож  солонгорно

Ургах  жаргах  нарны  барамнас  тоолон  бужигнахуй

Усны  болор  талст  хурмастыг  тойлж  солонгорно

Уулзаж  хагацахын  учиртай  улбар  дорнын  амьсгалт

Урд  л  зүгийн  судраас  ертөнцийн  урь  солонгорно

Хамба  ухаа  хэвнэгээс  арц  ганга  анирлахуй

Халх  дөрвөн  аймгийн  мөргөлчид  нааш  солонгорно

Хайр  сүсгийн  уяатай  шаргалхан  дорнын  авралт

Хаан  зэргийн  гэгээнтнээс  жамын  хорвоо  солонгорно

Оюутай  алаг  толгодоос  сэтгэлийн морио эмээллэхүй

Олдохуйяа чухаг  шамбалын  суврага чодин  солонгорно

Оодорч сөгдөх  мөчистэй  ногоохон  дорнын  язгуурт

Оройн  чандман   олноос  хүслийн  хаяа  солонгорно

Өвөр  баясгалант  горломын  сэрүүн  асар  дэрвэхүй

Өндөр  дээд  Равжаа  дэлхий  даяханаа  солонгорно

Өсөх  хагдрах  заяатай  цэнхэрхэн  дорнын  мэлмийт

Өөдсөн  чинээ  биенээ  шүлэгсийн  мөрүүд  солонгорно

Ханзүрхний  уулнаас  насан  хутаг  суунаглахуй

Хатад  ноёдын  шилтгээнд ч амьдын  гэгээ  солонгорно

Харц  билээ  ялгахгүй  хөхөлбөр  дорнын  зэрэглээт

Хайрхан  нутгийн  бараанд  жаргал  зовлон  солонгорно

Ээл  хаяанд  тоонотоос  салхин  шившлэг  илбэхүй

Эрт  эдүгээ  бурхадын   өршөөл  буян  солонгорно

Элэг  бөөрийн  сүлбээтэй  ягаахан  дорнын  өмсгөлт

Энэ  байвал  цагийн  элбэг  аргамж  солонгорно

Миний  зүрхний  дорно  говь  талдаа  эгшиглэхүй

Мишээж  зөрөх  хүмүүн  өлгий  мялааж  солонгорно

Өдөр  өдрийн  сунгаанд  санчиг  гандаж  өнгөрөвч

Өөрийн  юм  бодохоор  өнгө  сүлжиж  солонгорно

    2018-7-16  Хатанбулаг

ҮЗЭСГЭЛЭНТ  ЭХНЭР  ӨГҮҮЛРҮҮН

Даанч  чи  хол  суунаа

Даваа  гүвээдийн  цаана  юм

Даварвал  би  чиний…

Үнэндээ  чи  алс  байнаа

Үүр  үдшээс  ч  хол  юм

Үүнээс  өөр  бол  чамд…

Хүсэвч  ч  чи  буйд явна

Хүрээ  хотоос  дайд   юм

Хүрвээс  би  чамайг л…

Санавч  чи  хязгаартаа  дасна

Сар  нарны  наахна  юм

Санахаас  би  чамтай…

Одоо  яахав  чи  эзгүй

Орой  өглөө  ирсээр  юм

Очих  учрах  зүүдэнд  л  юм

2017-10-6   Амна  усны  хонхор

СОНОМЫН  ЧУЛУУН   |  МЗЭ  ийн  шагналт  зохиолч  яруу  найрагч|

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button