Дорноговь аймгийнхаа нэрийг 1300 ширхэг хайлаас модоор урлан бүтээжээ
Дорноговь аймгийн ИТХ-аас орон нутагт ногоон байгууламж буй болгох, хувийн аж ахуй, хашаа, нийтийн эзэмшил зам талбайд мод тарьж ургуулж буй иргэд аж ахуй нэгж байгууллагын санаачилгыг дэмжиж урамшуулах зорилгоор “Ногоон Дорноговь” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд аймгийн БОАЖГ, Сайншанд сумын ЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд Сайншанд сумын орчимд томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар мод тарьж, мэргэжлийн компаниар арчилгаа, усалгааг хийлгэж байна.
Мөн Улаанбаатар явах чиглэлийн зам дагуу Дорноговь аймгийнхаа нэрийг 1300 ширхэг хайлаас модоор урлан бүтээж аймгийнхаа түүхт ойд бэлэг барьжээ.Үүний хашаа хамгаалалт, усалгаа арчилгааг УБТЗ-ын Зүтгүүрийн депо, Сайншанд татах хэсэг болон УБТЗ-ын Эрчим хүч,ус хангамжийн хоёрдугаар ангийн хамт олон хариуцан ажиллаж байгаа юм. Энэ жил “Ногоон Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд 70 гаруй мянган мод тариад байна.
Дорноговь аймаг говийн бүсийн аялал жуулчлалын томоохон төв болон хөгжих ирээдүйтэй тул төв зам дагуу, Хамарын хийдийн орчимд ногоон байгууламж олноор буй болгох, мод тариалахад идэвхтэй анхаарч аймгийн ИТХ-аас “Ногоон Дорноговь” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа юм.