Их говийн зоригтны нутгаас улсын аварга малчид жил дараалан төрлөө
Их говийн зоригтны нутаг Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн малчин Маамын Баярдаваа үхэр жилийн ажил үйлсээрээ малч түмнээ манлайлан Монгол Улсын аварга малчин хэмээх хүндтэй алдрыг хүртлээ.
1990 оноос хөдөө гарч өвөг дээдсийнхээ үлдээсэн буянт мал сүргийг адгуулж малаа таван төрлөөр нь өсгөсөн түүнд болон түүний охинд Монгол Улсын аварга малчны үнэмлэх, энгэрийн тэмдэг өргөмжлөл бүхий Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын гарын үсэгтэй Засгийн газрын шагналыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар гардуулж баяр хүргэсэн юм.
Мөн аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Өргөн сумын ИТХ-ын дарга М.Одгэрэл, Засаг дарга Ц.Мөнхдаваа нар хүндэтгэл илэрхийлсэн билээ. Баянмөнх багаас сүүлийн гурван жил дараалан улсын аварга малчин төрж байгаа бахархалтай үйл явдал тохиожээ. Учир нь 2020 онд Өргөн сумын Баянмөнх багийн малчин Жамбалын Заяаханд, 2021 онд Өргөн сумын Баянмөнх багийн малчин Раднаагийн Батчулуун улсын аварга малчин болж байсан бол энэ амжилтыг Маамын Баярдаваа түүчээлсэн байна.
Тэднийх Өргөн сумын нутаг Аргалийн уулын баруун урд Өвдөгийн бууц хэмээх ус, бэлчээр сайтай нутагт хаваржиж байна. Төрсөн хүү нь 2000 гаруй малтай болжээ. Тэрээр 16 наснаасаа эхэлж морь уяж байсан бөгөөд нийт 70 гаруй морийг сум аймаг, бүсийн уралдаанд айрагдуулж аймгийн алдарт уяач болсон байна.Энэ жил аймагтаа сайхан уралдахыг хичээж буй.
Мал сүргээ хариулаад буян хишигийг нь хүртээд явж байх нь малчин хүний жаргал юм даа гэж тэрээр хуучилсан. Түүний адуун сүрэг Иххэт сумаас гаралтай бөгөөд Сүхбаатар аймгаас адуугаа сайжруулсан аж. Адуун сүргээ чанаржуулах үүднээс сүүлийн үед цөөхөн хэдэн эрлийз адуу ч худалдан авчээ. Мал маллахын сацуу байгаль орчныг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, нутаг усныхаа малчдын бүлгийн гишүүнээр идэвхтэй ажилладаг аж. Тэднийх малаа таван төрөл дээр нь өсгөсөн бөгөөд үхэр хонийг түлхүү өсгөжээ. Дорнод болон Сүхбаатарын Баяндэлгэрийн ямаанаас ямаан сүргийнхээ удам угшлыг сайжруулсан байна.
Энэ жил 500 гаруй хурга, 500 гаруй ишиг бойжуулахаас гадна 100 гаруй үнээ тугалж, 50 гаруй гүү унагалах байх. Төрийн түшээд, аймаг сумын удирдлага, нутаг усныхан, малыг минь малладаг малчиддаа, хамтран ажилладаг бүх хүмүүст талархаж байна гэсэн юм. Баярдаваа зөвхөн өөрийн малаа маллаад зогсохгүй нутаг усныхаа, ойр дотныхоо хүмүүсийг малжуулахад их хувь нэмэр оруулсныг нутгийн малчид нь ярьсан.
Түүний малжуулсан айл мянгат малчин болжээ
Түүний малжуулсан айл өрх нь эхнээсээ мянгат малчин болжээ. 2012 онд нутгийнхаа С.Даваадорж, Ж.Отгонтуяа нарын гэр бүлд 100 ямаа тасдан өгч малжуулж байсан бол тэдгээр залуус малаа өсгөж 2019 онд мянгат малчин, 2022 онд сумын сайн малчин болжээ. Нутгийн малчин С.Даваадорж хэлэхдээ “Баярдаваа ах маань жил бүр л 50-100 гаруй малаар малчдыг малжуулдаг. Нутгийнхандаа байнга л тусалж байдаг. Бэлчээр ус сэлгэх үед нүүлгэж суулгаж өгнө.
Бидний амьдралын бүх зүйлийг энэ хугацаанд дааж байсан. Энэ хүнээс малч ухаан, амьдралын итгэл найдвар, сайхан сэтгэл, малчин хүний бахархлыг олж хардаг. Ахдаа ихэд талархаж байна. Ахыгаа улсын аварга малчин болоосой гэж ойрын хэдэн жил хүссэн. Өнөөдөр хүсэл маань биелж сайхан үйл явдал тохиож байна. Цаашид ахыгаа улсын хошой аварга малчин болоорой гэж ерөөе гэсэн юм.
Хөдөлмөрийн баатар, адуучин О.Мажигийн зээ хүү аймгийн аварга малчин боллоо
Өргөн сумын Соёлын төвд шагнал гардуулах үеэр нэгэн малчин залуутай уулзсан нь Өргөн сумын харьяат, “Шинэ амьдрал” нэгдлийн адуучин, /хуучнаар БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Мажигийн зээ хүү Ч.Чулуунсүх байлаа. Тэрээр аймгийн аварга малчин болсон юм. Эхнэр М.Мөнхгэрэл нь багаасаа мал маллаж өссөн аж.Түүний сэтгэгдлийг нь сонссон билээ.
Малын дэргэд өссөн хүү 2000 оноос хойш буянт малаа тогтмол малласнаар малаа таван төрлөөр нь өсгөж 1000 гаруй малтай болжээ. Бага мал түлхүү өсгөж байгаа аж. Сумаасаа 30 гаруй км-т нутагладаг тэрээр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Хүүхдүүд нь оюутан аж. Адууны захад морин дэл дээр давхиж явахад өвөөгийнхөө барааг хараад сүрддэг байлаа. Өвөө маань 700 гаруй адуу маллаж байсан болов уу гэж боддог. Өвөөгийнхөө хурдан морьдыг унаж өссөн. Хонгор азарга маань суманд олонтаа түрүүлдэг байлаа. Таван настай байхдаа зангиат хээр морио унаад ташуураа дэлэндээ ороож салхи сөргүүлэн давхиж явахдаа азаргаа өөрөөсөө болоод түрүүлгэж чадалгүй бүтэлгүйтэж айргийн гуравт давхиж байсан гэв. Тэднийх энэ хавар 400-500 гаруй мал төллүүлэх юм.
Мичин жилийн зуднаар шуурга уруудаж ирсэн 70 мянган адууг хил давуулалгүй тогтоож байсан Их говийн зоригтнуудын удам Өргөн сумын малчид улс, аймгийн аварга болж буянт мал сүргээ өсгөн үржүүлж явна.