Uncategorized

Зүүнбаянгийн дурсамж буюу Нефтийн үйлдвэрийн залуус

Энгэртээ….дугаар таван жилийн гавшгайч, ойн медаль, төрийн одон гялалзуулсан ахмадууд Зүүнбаянгийн гудамжаар алхана. Зарим нь  задгай усан бассейны дэргэд нарлаж өөр хоорондоо элдвийг хүүрнэн суух.

Хөгшдийн дэргэд очиж жаахан суулаа. Далан жилийн цаадах түүхийн шарласан хуудсыг эргүүлэх тэд 1950-иад онд Монголын анхны хүнд үйлдвэрийн төв, нефтийн үйлдвэр ажиллаж байх үеийн Зүүнбаянгийн хөгжил дэвшилд гар бие оролцсон залуусын төлөөлөл юм. Эдүгээ Зүүнбаянд Нефтийн үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн ойд /2019.08.24-25/ газар газраас урилгаар ирээд байгаа нь энэ.

Зарим нь Зүүнбаяндаа одоог хүртэл аж төрж байна. Хорь ч хүрээгүй хонгор насандаа энд учирч ажлын амтыг мэдэрч, зарим нь гэр бүл болж, анд нөхөд бололцон хоёр зууныг дамнан аж төрж яваа тэдэнд Зүүнбаян бол гэр орон нь, үл мартах дурсамжийн хэлхээс гэдэг нь тодорхой юм.

Үйлдвэрийн барилгын туурь, ажилчдын орон сууц, задгай усан бассейн, хөгшин улиас модод, засмал зам, орос дэлгүүрийн туурь… гээд эргэн тойрондоо үзэгдэх юм бүхэн тэдэнд өнгөрснийг өгүүлж залуу насны хайр сэтгэл,амьдралын хатуу хөтүү, хагацал гунигийг ч давхар бодогдуулдаг бололтой. Тэр  бүү хэл элсэн говийн эд эс, элс ширхэг бүрээс ч залуу насны дурсамжаа хайгаад байх шиг санагдав.

 “…Энүүхэнд Олзворын хонхор гээд алдартай газар бий.Газрын тос олборлодог газар.  Одоо ч хятадууд нефть олборлож байна. Баруун хойно Цагаан тээг гэх айхтар газар бий. Дээх нь үед  орос хоригдлууд зугтааж явахад нь араас нь очиж буудаж байсан гэлцдэг. Олон орос хүний булш бий” гэснээ “…Зүүнбаянгаа харах бүрт  сэтгэлийн мухарт хөндүүр төрөх юм.

Үгүй ээ, хөөе 60 жилийн ойгоор ирэхэд манай Зүүнбаян өрөвдмөөр болчихсон байсан. Барилгуудыг нь тонож, шил цонх, хаалга үүдийг нь аваад явчихсан.Түүхэнд үлдсэн алдартай хотыг эвдэж сүйтгэсэн дээ. Зүүнбаянг бүтэн авч үлдсэн бол яасан сайхан байхсан. Өнөөдөр арай дээрдсэн харагдана. Энэ задгай усан бассейнд бишгүй л олон хүн үйж амь эрсэдсэн.

Үйлдвэр дэлбэрэхэд нөгөө…хэн маань шатаар дээш авирч яваад амиа өгсөн” гээд үргэлжлүүлэх. Гэтэл бас нэгэн ахмадын дурсамж сэргэж  хэдэн алхмын цаана байх үйлдвэрийн барилгын балгас болсон туурь орчмыг заагаад “Энд үйлдвэрийн бүжгийн талбай байлаа. Нэгэн үдэш танц эргэж явахдаа хөгшинтэйгээ анх танилцаж билээ” гээд яриа дэлгэв.

Нефтийн үйлдвэрийн анхны ажилтан Ш.АюурзанаҮдшийн Зүүнбаян үнэхээр гайхалтай

Эх орны өнцөг булан бүрээс ирсэн залуус хүсэл мөрөөдлийн оргилсон сэтгэлээ говь нутгийн ээрэм талд нисгэж ажил амьдралынхаа гарааг эндээс эхэлсэн юм. Хөдөөгийн аглаг буйд газраас ирсэн залуус Зүүнбаянд ирж шинэ соёл иргэншилтэй нүүр тулсан юм.1950-иад онд Улаанбаатарт барилгажилт дөнгөж эхэлж байхад Зүүнбаянгийнхан паалантай жорлонд бие засаж, орос ах нартай нөхөрлөж, орос маягийн амьдралын хэв маягт дасаж байлаа.

Сэргэлэн нэг нь оросуудтай наймаа панз үсэргэнэ. Тарваганы арьс, амьтны эд эрхтэн өгч оронд нь бакаал, хромон гутал, примүск… гээд хэрэгтэй зүйлээ авна. Тэр бүү хэл монгол орос нөхөд хоорондоо  дотносож ах аа эгчээ болсноор орос найз нөхөд, монгол оросын найрамдалт харилцааг бэлгэдэн Юра, Шура, Борис, Александр, Алексей, Андрeй, Иван, Володя, Октябрь, Валя, Ваня зэрэг  орос нэр өгч байв. Бас дөнгөж төрсөн хүүхдэд оросууд ч нэр өгч байжээ. Учир нь тухайн үед эмнэлэг нь ч орос, сургууль нь ч орос байж.

Оросууд дунд Армян, Орос, Башкир, Гүрж зэрэг үндэстэн байв. Зүүнбаянгийн албан хаагчид өглөө 06.00 цаг гэхэд аль хэдийн босож нийтээрээ гимнастик хийнэ, дараа нь сонин гарчиглана. Уншсан сониноо өөр хоорондоо ярилцана. Дараа нь  яндан бүрээ дуугарахад ажлаа эхэлдэг байв. Хоцорвол ажлын байранд оруулахгүй.

“Цаг баримтална гэдэг хууль. Хоцрох вий гээд л санд мэнд л гүйчихдэг байж. Үйлдвэрийн залуучууд боловсон соёлтой байжээ. Бассейны урд хэсэгт цементэлсэн бүжгийн талбай байв. Зуны дэлгэр цагт тэнд орой бүр бүжиг явуулдаг. Бүжгэнд орохдоо залуус хөлсний алчууртай, портнертойгоо  хамт ирнэ. Үсээ толийтол самнаж, цагаан цамц өмсөөд, зангиа зүүж, ботинкоо гялалзтал тосолсон биерхүү, өнгөлөг эрчүүд өнгийн алчуур хүзүүндээ зүүж, эрээн платье, өндөр өсгийт өмссөн бүсгүйчүүдтэй танц эргэнэ.

Дуунд гардаг шиг амьдрал гоё, залуучууд өнгөлөг, бүсгүйчүүд ганган сайхан явсан үе  бидэнд бий. Зүүнбаян ганган эрчүүд, гоё хүүхнүүдээр дүүрсэн хот байлаа. Үдшийн Зүүнбаян үнэхээр гайхалтай. Тэнд ч энд ч хөгжим хангинаж, энд ч залуус хэд хэдээрээ дуулж бүжиглээд л…” гэж  нефтийн үйлдвэрийн анхны ажилтнуудын нэг Ш.Аюурзана гуай өгүүлэв.

Нефтийн үйлдвэрийн анхны ажилтан Ч.Жамъяндорж

Монголын анхны задгай талбайтай бассейныг 1952-1967 онд ажиллаж байсан нефтийн үйлдвэрийн ажилтнууд барьжээ. Урт нь 50 м, өргөн нь 25 м, гүн нь дөрвөн метр, хүүхдийн зориулалттай хэсэг нь 0.50-1,5 м, дотор нь зааны барималтай, томчуудын хэсэгт дээрээс үсрэх тавцантай, тохилог бүтээн байгуулалт байлаа. Бассейныг тойруулан мод суулгаж зүлэгжүүлсэн бөгөөд эргэн тойрон сандалтай, хажууд нь хүнсний жижиг мухлаг, цайны газар ажиллаж байв.
Монголд усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд Зүүнбаян дахь энэ бассейнд болж, эмэгтэйчүүдээс Зояо буюу Алтантуяа, эрэгтэйчүүдээс Андрей нар улсын аваргаар шалгарч, эхний гурван байрыг Зүүнбаянгийн залуучууд эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан нь түүх болон  үлджээ.

 Архи ууж агсам сотуу тавьдаг хүн байхгүй. Одоогийн залуусыг ажихад хувь хүний ухамсар дорой, соёл тааруу санагдах. Нийтийн бүжгэнд бакааль гуталтайгаа хөлс нь гарчихсан дэвхцээд л.  Үс нь өрвийчихсөн, хиртэй хувцастай бүдүүлэг үг яриа өдөж явах хэмээн ахмадууд өгүүлэх.

Нефтийн үйлдвэр байгуулагдах үед тэд 16-гаас 20 хүрэхгүй настай байжээ. Хамгийн бага нь дал гарсан, хамгийн эгчмэд нь 88 хүрсэн буурлууд хорвоогийн жам ёсоор амьдралын мөнх бусыг үзүүлсэн бусад нөхдөө дурсан сууна.

Зүүнбаян бол монголын түүхэнд нэр нь үл балрах домог түүх, үйл явдал, хөгжил дэвшлийг авчирсан түүхэн газар.Түүхэн ой тохиож хол ойроос зочин гийчэд айлчилж, хөл хөдөлгөөнөөр дүүрсэн Зүүнбаян хоёр хоногийн дараа  ажин түжин боллоо. Түүхийг бүтээлцсэн хүмүүс аль хэдийн буцжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button