МалчинОнцлох мэдээ

С.Цогтбаяр: Найман зуу гаруй богоо нэг л өдөр цасанд даруулж алдчихлаа

Улсын Онцгой комисс болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зудын эрсдэлд байгаа малчдад өвс тэжээл, эмнэлэг болон хүнсний тусламж хүргэх Ажлын хэсэг хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн гурван өдөр Алтанширээ, Дэлгэрэх суманд ажилласан юм.

Зудын сурвалжилга-1

Зарим газраа олон удаагийн дамтамжтай цас орж шуурсанаас үүдэж зам бүрэн хаагдаж 60-80 метр хунгар тогтжээ. Онцгой болон цэргийн хүрээний алба хаагчид  цасанд суусан машиныг ээлжлэн татаж явсаар гуч гаруй км газрыг гурваас таван цагийн хугацаанд туулах нь энүүхэнд байлаа. Тусламжийн цуваа Дэлгэрэх сумаас хамгийн хойд зүгт Хэнтий аймгийн Галшар сумын нутагт нутаглаж буй малчныд очоод л үд хэвийлээ.

Машин тэрэг явах боломжгүй зарим газар ковш болон авто грэйдерээр  зам гаргаж байлаа. Зудтай байгаа Дэлгэрэх, Алтанширээ сумын нутгаар ажилласан  тухай сурвалжилга хүргэе.

Өнгөрсөн хугацаанд юу болов?

default

Анхны орсон цасны хэмжээ хийгээд үүнээс үүдсэн цаг агаарын ааш аяг алс хэтдээ ямар өвөл болохыг хэлдэг тухай  тэнгэр шинждэг нутгийн хашир малчид  өгүүлэх нь бий. Намар орой ахиу цас орвол анхаараарай л гэсэн сануулга, дохио. Харин өвлийн дунд сараас хойш цас орвол тэр жилдээ зудгүй л гэж хэлэх нь бий. Туулай жилийн шувтарга буюу өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын эхээр Дорноговь аймгийн арын  зарим сумдад нойтон цас оров.

Цасны дараа тоймтой хүйтэрсэнгүй. Өдөртөө дулаахан тул цас хайлмагтаж шөнөдөө хөлдөх маягтай өдрүүд үргэлжилсээр дараагийн цастай золгов. Арванхоёрдугаар сар гарч олон удаагийн давтамжтай цас орж эрс хүйтэрч шуурсан байна. Энэ үед шөнөдөө хайлмагтаж хоносон цасан дээр дахиад цас орж хүйтрэхээр мөстөж бэлчээр ашиглах боломжгүй болов.

Ингээд олон удаагийн цас болон цасан шуурганаар малчид адуу үхрээ уруудуулж алджээ. Зарим айл өвлийн бэлтгэлээ базааж амжаагүй, идэш хоолоо ч хийж амжилгүй бод малаа салхинд уруудуулсан байна. Яг энэ үеэр орон даяар шатахууны хомстол үүссэн тул зарим малчин машинаараа малынхаа хойноос явж амжилгүй малаа алдсан тохиолдол ч их гарчээ.

 С.Цогтбаяр: Байгалийн ийм гамшгийг хүн дийлдэггүй юм байна

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаанхад багийн, аймгийн аварга малчин Сэрээтэрийн Цогтбаярын хот айлд ойр орчмын малчид цуглаж тусламжийн барааг хүлээн авсан юм. Цогтбаярынх гаднаа байшин барьж малдаа зориулсан боломжийн хашаа саравчтай ажилсаг нэгэн  харагдана. Тэднийх сумын төвөөс баруун хойд зүгт Хэрээ хад гэдэг газар  дөрвөн сумын заагт нутаглаж байна. Мал маллахаас гадна малын тэжээл тариалж, өрхийн хэрэгцээнд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг гэсэн. Тэднийх энэ зуднаар чамгүй хохирол амсжээ.

Цогтбаяр 1989 онд 10 дугаар анги төгсөөд хуц авч маллаад малаа сүүлийн жилүүдэд 2000 гаруй толгой болтол нь өсгөсөн аж. Тэрээр “Би 800 гаруй богоо энд цасанд даруулчихлаа” гээд яриа дэлгэв. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-наас эхлэн гурван өдөр  нүүр нүдгүй цас шуураад цаг хүндэрсэн. Анхны цас ч их орсон.

Малаа бэлчээх нь бүү хэл гэрээс ч гарах нөхцөлгүй олон хоногоор цасаар шуурч хүйтрэхэд мал өл алдаж, өглөө хэвтрээсээ босож чадалгүй байсаар шуурганд даруулсан. Босох тэнхэлгүй хонины дээрээс  өөр нэг нь хүрч ирээд хэвтчихдэг. Босгоод дийлэхгүй. Хоёроос гурав хоногийн  хүйтэн шуурганд цас аль хэдийн хатуурч яг л ааруул шиг болсон. Ийм цасан дороос мал амьд гарах аргагүй болдог байна.

Нэг удаа тэнгэр муудахад л арваад мал өдөртөө үхнэ. Гурван өдөр дулаахан байж байгаад л гурван өдөр шуурна. Зургаан модон үетэй хашааны гурван үед нь тэнцэх хэмжээнд хонь дээр дээрээс давхарлан үхсэн. Хамгийн дээр байгаа хонь амьдаараа илжирсэн байсныг мэдсэн. Гуч гаруй жил мал маллахдаа байгалийн ийм гамшгийг үзсэнгүй

Цасанд даруулсан агааргүй орчин их дулаахан байдаг бололтой юм.  Манай найман зуу гаруй хонь энд цасанд дарагдаж үхлээ. Би 30 гаруй жил мал малласан. Байгалийн ийм гамшгийг үнэндээ үзсэнгүй. Үнэхээр хүчин мөхөстдөг юм байна. Өмнөх жилүүдийн хатуу өвөл үнэндээ зуд биш байжээ. Манайх 2000 гаруй малтай байсан одоо 1000 гаруй малаа алдчихлаа. Цас их, цагийн хүйтэн хоёр малыг туйлдуулж байна.

Өвөлд бэлтгэж 3000 боодол өвс худалдаж авсан. Одоо дуусчихаад байна. Хавар гэхэд 200  толгой малтай үлдэх нь үү яах бол. Малаа алдлаа гээд бид мал, бэлчээр нутгаа орхиж явахгүй. Хэдэн жилийн дараа дахиад л малтай болно  гэв.

Өвсний Фондыг дөрвөн сумын зааг дээр бариад өгөөч, би үнэгүй харъя

Малчин Цогтбаяр малчдад төрөөс үзүүлж буй тусламж дэмжлэг, төрийн бодлогын  талаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Төр засаг малчдадаа тусалж байгааг дэмжиж байна. Гэхдээ бодлогоо өөрчлөх цаг нь болжээ. Ядаж нэг богийг амьдаар нь 100-120 мянган төгрөгт худалчихдаг, өвс тэжээлээ өндөр өртгөөр авдаггүй байсан бол бид ингэж хохиролд орохгүй байлаа. Төр засаг өвс тэжээл тараадаг энэ тогтолцоогоо  халах хэрэгтэй.

Төр ч өрөнд ордог, малчид нь ч өрөнд ордог ийм байдлаар явж ирлээ. Малчин бид жилдээ 30 сая хүртэлх төгрөгийн малчны зээл авдаг. Наян мянган төгрөгөөр малын инждексжүүлсэн даатгалд даатгуулдаг хэрнээ даатгалаас хохирлоо төлүүлэх боломж алга. Даатгалын компанийг л хөл дээр нь босгоход нэмэр боллоо. Манайх Хэнтийн Галшар, баруун хойд зүгт  Иххэт, Баруун урдаа Алтанширээ, өөрийн Дэлгэрэх  сумтай хил залгаа нутагт нутагладаг. Тэгэхээр Өвсний фондыг дөрвөн сумын зааг дээр бариад өгөөч. Би үнэгүй харсан ч  болно.

Зуд болохлоор аймгийн төвөөс өвс татдаг хуучин тогтолцоогоо халах хэрэгтэй. Ядаж хоёр га-д Өвсний фондын хашаа бариад малын хөлийн татварын орлогын мөнгөөр өвсөө татан аваад төвлөрүүлчихье.Төрдөө ч амар, малчдадаа ч зүдэргээ багатай.

Ингэж чадвал ченжийн гар дамжсан өндөр өртөгтэй өвс худалдан авах шаардлагагүй. Одоо боодол өвс хамгийн багадаа 23 мянга хүрлээ. Хорин гурван мянган төгрөгийн өвсийг хоёрхон минутад л дуусгана. Хавар үүнээс ч илүү үнэд орно.

Хэрэв олон сумын зааг нутагт өвсний фондоо  барьчихвал энэ хавийн айл өрхүүд бараг хаяанаасаа өвсөө авчихна. Өдий төдий бензин тос, хүн хүч, хүнс хоол, цаг зав зарцуулж өвс тэжээл ачиж ирэх шаардлагагүй. Тэр мөнгөөрөө Өвсний фондоо байгуулаад өвс тэжээлээ татан авж нөөцөлж чадвал илүү үр ашигтай.

Дээрээс нь хүн цалинжуулах шаардлагагүй. Намар 10 мянгаар авсан өвс хавар нь 10 мянган төгрөгийн үнэтэй л байна.

Намар өвс хямд байхад малчидтайгаа гэрээ хийж өвсөө бэлтгэдэг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Нэг боодол өвс 25 мянган төгрөг. Гэтэл боодол өвс нь хоёр төлгөнд тавиад өгөхөд дуусчихаар бага юм. Малчидтайгаа хоршсон, тэдний хөдөлмөрийг үнэлсэн бодлого явуулах хэрэгтэй гэж учирласан юм.

Ямаа үхвэл арьсыг нь өвчөөд  өвс авч байна

Хөдөө хонь, ямааны мах хямд байна. Төлөг 50 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол  борлон мөн л 30-40 мянга төгрөг гэх. Харин ямааны арьс 45 мянга орчим үнэтэй байгаа тул  малчид ямааны арьсаа борлуулж олсон мөнгөө хэрэгцээндээ зориулж байна.  Мах мах худалдан авдаг ченжүүд ирээд л үхрийн нэг кг махыг бараг 1000 төгрөгөөр хиллэж авсан.

Арай тарга тэвээрэгтэй махыг кг-ыг нь 4500 төгрөгөөр бодно. Нэг бяруу 80 кг гэж бодоход нийт үнэ нь 300-400 мянган төгрөг. Ченжүүд  нэг хонь, ямааг 50-60 мянган төгрөгт авах гээд байдаг. Мөнгө хэрэгтэй учраас өгөхөөс өөр аргагүй байдалд ордог. Үнэндээ бид ченжүүдийн тоглоомонд өртчихлөө хэмээн малчдын төлөөлөл халаглав. Арван үхэртэй хоцорсон хүн наймыг нь авч үлдэхийн төлөө л зүтгэнэ. Бүх мөнгө дууссан. Хэдэн малаа амьд авч үлдэхийн тулд бүх боломжийг ашиглаж одоо өөрсдөө ядарч байна гэсэн юм.

Малчид цаг хүндрэхийг мэдэж арванхоёрдугаар сард  ихэвчлэн бог малаа хэрэгцээлжээ. Тухайн үед махыг нь компани аж ахуй нэгжүүд шууд ирээд авчих боломж хомс байсан тул гэртээ, пүнзэндээ хураасаар сүүлдээ ченжүүдэд маш хямдхан үнээр өгчээ. Ингээд хэрэгцээлсэн хэдэн төгрөгөөрөө өвс, тэжээл худалдан авч үлдсэн малдаа зориулсаар өнөөдөр мөнгө төгрөггүй болсон байна.

Хаврын эхэн сар гарчихаад байхад өдөртөө 20 орчим, шөндөө 30 орчим хэм хүйтэн байна. Үнэндээ мал хөлдөж үхэж байна хэмээн малчдын төлөөлөл ярилаа. Энэ жил олон малчин төл хүлээн авахгүй нь бололтой.

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button