Ж.Ариунзаяа: Дэлхийн тэмцээнээс медаль хүртээд Монгол гэж дуудуулахаар өөрийн эрхгүй уйлдаг юм билээ
“World Individual Championship”-2020 үсчин, гоо сайхны ганцаарчилсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эмэгтэй үс засалтын “Sessoon” тайралтын төрлөөр хүрэл медаль хүртсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын “Гурван баян” салоны үсчин Ж.Ариунзаяатай ярилцлаа.
Тэрээр аймгийнхаа МСҮТ-д үсчний мэргэжлээр суралцаж төгссөнөөс хойш мэргэжлээрээ 18 жил ажиллажээ. Өсөх идэр наснаасаа амьдралын хатуу хөтүүг амссан охин ирээдүй рүү чиглэсэн энхэл донхолтой, бартаа саадтай замаар зөв бодол, сэтгэлийн хат гарган туулж ийн амжилтад хүрчээ.
-Юун түрүүнд танд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж, дэлхийн аварга шалгаруулах үсчин гоо сайханчдын тэмцээнээс тайралтын төрлөөр анх удаа хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе!
-Баярлалаа. Мэргэжилдээ дурлаж олон жил ажилласны минь үр дүн гарлаа гэж бодож байна. Энэ бол миний оролцсон гайхалтай сайхан тэмцээн байлаа. Гэхдээ ганцхан миний амжилт биш юм.
Намайг энэ тэмцээнд оролцоход тусалж дэмжиж, бүхий л боломж нөхцөлөөр хангасан олон сайхан хүмүүс бий. Хамгийн түрүүнд энэ тэмцээнд намайг дасгалжуулж оролцсон Монгол Улсын мастер үсчин, тайралтын төрлөөр дэлхийн хэмжээний тэмцээний шүүгч Батсүхийн Дарьсүрэн багшдаа гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
Багш маань мэргэжлээрээ 32 жил ажиллаж байгаа. Мөн биднийг амжилт үзүүлэхэд гүүр нь болж, тусалж дэмжсэн Монголын Үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны дарга, Монгол Улсын мастер үсчин, дэлхийн тэмцээний шүүгч, Ж.Довчинсүрэн, менежер Э.Баярцэнгэл, Дорноговь аймгийн Үсчин гоо сайханчдын холбооны дарга Э.Тунгалаг болон бусад нөхдөдөө маш их баярлалаа.
Э.Тунгалаг маань энэ тэмцээнд амжилттай оролцож 12 дугаар байрт шалгарсан. Оролцох эрхийн мандат, тэмцээнд оролцох бэлтгэл ажил, үс засалтын өнгө донж, тайралт талаас нь зааж зөвлөх гээд олон ажил байдаг.
Мэргэжлийн холбооны дэмжлэггүйгээр тэмцээнд оролцоход хэцүү юм билээ. Мөн аймгийн МСҮТ-д сурч байхад бидэнд багшилж байсан Ундрах багшдаа, ажлын талбарт гараад мэдэхгүй чадахгүй зүйл их байхад зааж зөвлөж байсан мастер үсчин Б.Даваасүрэн эгчдээ талархаж байна.
Мөн аймгийнхаа мэргэжил нэгт нийт нөхдөдөө талархал дэвшүүлье. Энэ тэмцээнд оролцоход Э.Тунгалаг бид хоёрт тус бүр 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танд баярлалаа.
-Олон улсын тэмцээнд оролцоход тухайн үсчин гоо сайханчдаас тодорхой болзол шалгуур, шаарддаг байх?
-Тийм ээ. Монгол Улсын Үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооноос тухайн тэмцээнд оролцох шаардлага хангасан ямар хүн байгаа эсэхийг салбар холбоодтойгоо ярьж тодруулдаг юм билээ.
Мөн манай аймгийн салбар холбооноос тухайн тэмцээнд оролцох боломжтой хүнийг санал болгосон. Өөрөөр хэлбэл ажлын туршлага, ур чадвар, бусад боломж нөхцөлийг хангасан эсэхийг анхаардаг юм.
Ингээд манай аймгийн Үсчин гоо сайханчдын холбооны дарга Э.Тунгалаг бид хоёр оролцсон.Тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод ирэхэд бидний ажлын туршлага, ур чадвар бүх зүйлийг хянаж шалгасан.
-Тэмцээний тухай сонирхуулах уу?
-Хоёр жилд нэг удаа болдог дэлхийн аваргын энэ удаагийн тэмцээн Франц Улсад болсон. Гэхдээ ковидтой холбоотойгоор анх удаа цахимаар зохион байгуулсан. Нийт 70 гаруй улсын 2000 гаруй оролцогчдын 10000 гаруй бүтээлээс шалгаруулсан гэсэн.
Миний өрсөлдсөн тайралтын төрөлд ч олон бүтээл ирсэн гэж сонссон. Учир нь оролцогч их байсан учраас шүүлтийн хугацаа сунгагдаж бараг 21 хоносон байх. Олон бүтээл ирсэн тул шүүгчид бүтээл болгоныг нарийвчлан шүүж тунгаасан юм билээ.
Цахим уралдааны тухай илүү тодотгох уу?
-Бүтээлээ эхлээд хийнэ. Дараа нь тухайн бүтээлийн зургийг гурван талаас нь авна. Гэхдээ зургийн хэмжээг тогтоосон стандартын дагуу аваад тухайн тэмцээний сайтад нэвтрэн байршуулдаг.
Зохион байгуулагчид оролцогчдын бүтээлийг тусгай төхөөрөмжөөр шалгаж дүрэм журмын дагуу хийсэн эсэх, засвар орсон эсэхийг шалгадаг юм байна.
Зохион байгуулагчид уг бүтээлд засвар оруулсан эсэхийг нарийн шүүж тунгаадаг программ хүртэл байдаг гэсэн. Хэрэв тухайн бүтээлдээ засвар оруулсан тохиолдолд торгууль ногдуулдаг. Анх удаа том тэмцээнд оролцсон болохоор мэдэхгүй зүйлүүд олон байсан.
Спортын бусад томоохон уралдаан тэмцээнтэй адилхан тухайн тэмцээнийг зохион байгуулах эрхийг олж авахын тулд улс орнууд өрсөлддөг. Дараагийн тэмцээнийг Япон Улс зохион байгуулахаар эрх авсан.
Мөн тэмцээнд оролцож буй баг тамирчид ч ажилласан жил, туршлага, амжилт зэрэг тодорхой хэмжээний шалгуурыг хангаж тэмцээнд оролцдог.
Энэ удаа тэмцээн цахимаар болсон учир оролцогчдын тоо нэмэгдсэн. Бас зардлын хувьд ч тодорхой хэмжээгээр багассан.
Манай улсаас 37 үсчин, гоо сайханч, манекурчин оролцсоноос монголчууд таван медаль, нэг тусгай байрт шалгарсан амжилт үзүүлсэн. Эрэгтэй төрлөөр Т.Энх-Ялалт мөнгөн медаль, үсчин С.Мөнхнасан хүрэл медаль, /өмнө нь бас медальт байрт шалгарч байсан/.
Харин гоо сайхны төрөл буюу нүүр будалтаар Б.Энхчимэг алтан медаль, маникураар Ж.Энхтуяа хүрэл медаль, А.Оюун-Ундраа тусгай байрын шагнал, би тайралтын төрлөөр хүрэл медаль тус тус хүртсэн.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн учраас бэлтгэл их хийсэн байх?
-Тэгэлгүй яахав. Тэмцээнийхээ бүртгэлд хамрагдах, сургалтад суух, бэлтгэл хийх шаардлагаар өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс эхэлж Улаанбаатар хот руу гурван ч удаа явсан.
Мэргэжлийн холбоо маань тухайн тэмцээнд оролцох хүмүүсийг дэлхийн хэмжээний шүүгч багш нарт хариуцуулан баг болгон хувааж маш чанга, үүрэг хариуцлага дор тодорхой чиглэлээр сургалтад хамруулсан. Аравдугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 11-нийг хүртэл сургалтдаа хамрагдаж бүтээлээ цахимаар явуулсан.
-Тайралтын төрлийг дэлгэрүүлж тодотгох уу?
-Тайралт нь дотроо олон төрөлд хуваагддаг. Багштайгаа зөвлөлдсөний үндсэн дээр прокат төрлийг сонгож оролцсон. Энэ нь энгийн тайралтаас арай онцлог.
-Медалиа хүлээж авсан уу? Шагнал урамшуулал ямар байдаг вэ?
-Хараахан медалиа хүлээж аваагүй байгаа. Удахгүй ирнэ гэж сонссон. Өмнөх тэмцээн уралдаанд оролцож байсан хүмүүсийг сонсоход улсынхаа нэрийг гаргасан гэж тодорхой шагнал урамшуулал өгдөг юм шиг байна лээ. Миний хувьд нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй л байна.
-Тэмцээнд оролцоод медальт байрт шалгарснаа яаж мэдсэн бэ? Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцах уу?
-Францад өглөөний 09.00 цаг манай улсад үдшийн 23.00 цагийн үе тохиож байсан. Тэмцээний шалгаруулалтын дүнг шууд лайваар зохион байгуулсан. Олон төрлөөр шалгаруулалт хийж байсан. Монголоос хамгийн түрүүнд нүүр будалтаар Б.Энхчимэг алтан медаль авахад өөрийн эрхгүй баярлаж сэтгэл догдлоод сууж байлаа.
Араас нь төрөл тус бүрээр шалгаруулалт үргэлжилж байтал гэнэт миний бүтээлийг нэрлэж нэрийг маань зарлахаар нь сандарсандаа болоод утсаа аваад шидчихсэн. Урьд нь тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаад баярласан сэтгэл дүүрэн л байдаг байсан.
Гэхдээ дэлхийн тэмцээнээс медаль хүртээд Монгол гэж дуудуулахаар өөрийн эрхгүй уйлдаг юм билээ. Мөн дотоод сэтгэлдээ их айдастай байгаа. Учир нь илүү их үүрэг хариуцлага надад ногдож байна гэж ойлгосон.
-Өмнө нь олон улсын уралдаан тэмцээнд оролцож байв уу?
-Өмнө нь ОХУ-ын Эрхүү хотод болсон үсчин, гоо сайханчдын тэмцээнд оролцож байсан. Мөн дотооддоо аймгийнхаа говийн бүсийн тэмцээнд оролцож хоёр алтан медаль, нэг хүрэл, улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгөн медаль авч байсан.
-Монголын үсчин гоо сайханчдын ур чадвар олон улсын түвшинд хэрхэн үнэлэгддэг вэ?
-Миний хувьд айхтар дүгнэж хэлэх нь хэтийдэх байх. Монголын үсчин гоо засалчид олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцон түрүүлж, медальт байрт шалгарч улсынхаа нэрийг гаргасан. Ур чадварын хувьд олон улсын тавцанд хэдийнээ үнэлэгдсэн гэж боддог.
Ийм амжилт үзүүлэхэд Монголын үсчин гоо сайханчдын мэргэжлийн холбоо мэргэжилтнүүдийнхээ өсч хөгжих боломжийг буй болгох, төлбөртэй сургалтад хамруулах, зааж зөвлөх, тэднийг уралдаан тэмцээнд оруулах боломж нөхцөлийг хангах талаар идэвхтэй ажиллаж байгаа нь нөлөөлсөн гэж боддог.
-Багадаа үсчин болъё гэж бодож байсан уу?
-Ээж маань “Миний охин үсчин бол” гээд аймгийн МСҮТ-т дагуулж очиж байсан юм. Сургуульдаа сурч төгсөөд 17 нас ч хүрээгүй байхдаа ажиллаж эхэлсэн.Тухайн үед аймгийн МСҮТ-д хамгийн анх үсчний анги нээгдэхэд би анхны төгсөгч нь болж байлаа.
-Таныг балчир насандаа хагацал зовлон үзэж амьдралын хатуу хөтүүг туулсан гэж сонссон. Учирсан бэрхшээл бүрийг давж гарахын төлөө зүтгэжээ гэж бодлоо?
-Аав, ээж хоёр минь Баянхонгор аймгийн хүмүүс. Социализмын үед Дорноговь аймагт илгээлтээр ирсэн байдаг. Аав маань намайг бага байхад бурхан болсон. Ээж минь намайг үсчин мэргэжил эзэмшээд ажлын гараагаа дөнгөж эхэлж байхад өвчний улмаас өөд болсон юм.
Дүү нар маань Дорноговь аймагт төрсөн. Эцэг эхээсээ хоёр ах, хоёр эгч, хоёр дүүтэй байлаа. Амьдралд олуулаа гэж бодож болдоггүй л юм байна. Одоо дөрвүүлээ үлдсэн.
Ээжийг бурхан болсны дараа гэр минь шатчихсан. Тухайн үед олон жоохон хүүхдүүд яахаа мэдэхгүй айлд ч хоноглож явлаа. Зовлон ирэхэд яагаад ч юм ар араасаа дагаад байдаг юм шиг санагдсан. Арай гэж гэр оронтой болж байтал дахин шатчихсан.
Хүн гал тавьсан байх гэж боддог. Хүмүүс баг хороонд хүсэлтээ гаргаад тусламж хүсэх хэрэгтэй гэхэд нь би гэр оронгүй болсон ч хүнээс гуйхгүй гэж бодож явсан. Төрсөн эгчийн маань бие өвддөггүй атал унтаж байгаад гэнэт л өөд болчихсон.
Эгчийнхээ хоёр охиныг үрчлэн авч өсгөсөн юм. “Өөрийн чинь амьдрал хэцүү байхад яаж хоёр хүүхэд өсгөх вэ Халамжийн төвд хандаад үзээч” гэж хүмүүс хэлж байлаа. Ер нь зовлонгоо хүнд үзүүлэх дургүй. Бас нэрэлхүү зантай. Надаас ч хэцүү амьдралтай хүн байгаа, дээрээс нь залуу хүн байж хүнээс гуйгаад яахав гэж боддог байлаа.
Эгчийн маань том охин саяхан хүнтэй сууж айл болсон. Дүүгээ айлын хүн болоход нь чадах чинээгээрээ л гаргасан. Дорноговь аймгийн Нутгийн Зөвлөлийн байрны сугалаанд оролцож аз таарч байртай болоод аж төрж байна. Гэхдээ мэдээж өр зээл хийж байраа авсан. Байранд ороход гадаадад сурсан дүү маань хамтран зээлдэгч болсон юм.
-Үсчний мэргэжлийн бахархал нь юунд байдаг юм бол?
-Мэдээж үс сайхан бол зүс сайхан гэдэг. Гоо сайханд нь анхаарахаар тухайн хүний сэтгэл сэргэдэг байх. Үүнээс гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай салон сүүлийн гурван жил Дорноговь аймагт байдаг Зүүн бүсийн Асрамжийн газарт очиж хүмүүсийн үсийг үнэгүй засаж үйлчилгээ үзүүлж байна.
Ер нь би нийгмийн сайн сайхны ажилд хамт олноо уриалж оролцохыг хичээдэг. Мөн хүүхдийн баярын үеэр хүүхдүүдийг баярлуулдаг.
Төслийн шугамаар амьжиргаа тааруу өрх айлд очиж үс засах ч үе гардаг. Тухайлбал Улаанбадрах, Зүүнбаянд очиж үнэгүй үйлчилгээ үзүүлж байсан. Нэг зүйлийг онцлоход, манай аймгийн үсчид бүгд л байр түрээсэлж ажил хөдөлмөр эрхэлж байгаа.
Үсчин гоо сайханчдыг илүү их дэмжээсэй гэж хүсдэг. Бага түрээстэй, боломжийн ажлын байрыг нэгдсэн журмаар хангадаг ч юм уу. Ялангуяа манай аймгийн Үсчин гоо сайханчдын холбоо маш сайн ажилладаг. Шинэлэг бүх сургалтыг Дорноговьдоо авчирч чадаж байна.
Аливаа уралдаан тэмцээн болоход Дорноговь аймгийн Үсчин гоо сайханчдын холбоо үйл ажиллагаагаараа манлайлж, тэргүүлж чаддаг. Манай холбоо 2018 онд шилдэг холбоо болж байлаа.
-Ирээдүйд тавьсан зорилго юу вэ?
-Амьдралд учирч буй бэрхшээлд шантарч, зовлон тоочихоос илүү бэрхшээлийг даван гарах итгэл найдвар, сэтгэлийн тэнхээтэй байж чадвал хүсч зорьсон зүйлдээ хүрэх боломжтой юм уу гэж боддог.
Мэдээж хэрэг өөрийн гэсэн салонтай мөн гарын шавьтай болчих юмсан гэж боддог. Аймаг орон нутагтаа хийж чадах юм маань энэ мэргэжил. Нийгмийн сайн сайханд тууштай зүтгэнэ. Цаашдаа сурч хөгжихийг хүсч байна.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!