Онцлох мэдээ

Өнгө өнгийн эрдэнэ оршсон Өмнийн цэнхэр говиор

Тэмдэглэл-1

Өнгөрсөн амралтын өдрийг дашлуулан Өмнийн цэнхэр говиор морь мэт дэргүүлээд ирлээ. Ам бүл олонтой айлын хүүхдүүд эрдэм мэдлэгийн далайд жигүүрлэн одоод эргэж гэртээ цуглардаг шиг, орон нутгийн сэтгүүлчид хааяа уулзахаараа ах эгч, найз нөхдийн нандин холбоогоо сэрээж, хэсэг хугацаанд бужигналдан, цаг хугацааг дурсамж дүүрэн  үлдээдэг уламжлалтай болсоор багагүй хугацааг үджээ.

Өмнийн цэнхэр хязгаарт суугаа сэтгүүлч МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн С.Номингийн санаачилга, салбарын гишүүдийнх нь сэтгэл зүрх, оролцоо,  МСНЭ-ийн дэмжлэг, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын  хамтын дэмжлэг оролцоотойгоор бид өмнийн говьд уулзалдаж ажил хэрэг, амьдрал  ахуйгаа ярьж, мэргэжлийн хүнээс номын дуу сонсон хэдэн өдрийг эрч хүч, инээд баясал дүүрэн өнгөрөөлөө. Өмнөговийн мэргэжил нэгт нөхөд маань “Нээлттэй Өмнөговь-хэвлэл мэдээлэл” МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүнүүд, сэтгүүлчдийн сургалтын хөтөлбөрийг чамбай боловсруулж, үзэх харах юмтай, санаа авах олон зүйлийг тусгасанд олзуурхаж байлаа.

Уулзалтын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар үг хэлж,  Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж,  “Нутгийн хишиг” сэдэв аймгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжил хийгээд, тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариулав. “Хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудал” сэдвээр  МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, доктор, профессор Ж.Батбаатар, “Цахим сэтгүүл зүйн контент боловсруулах” сэдвээр МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр,  “МСНЭ-ийн салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны мэдээлэл” сэдвээр МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Батчимэг, “Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын менежмент” сэдвээр МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Цэсэн тус тус мэдээлэл хийж сэтгүүлчидтэй ярилцсан билээ. Сэтгүүлчдийн уулзалт албаны яриа хөөрөөг түр орхиод  эртний ерөөлтэй Өмнийн говийн  түүх, сонирхол татам газар нутгийн тухай өгүүлье.

Даян хааны сүлд оршсон Даланзадгад нутаг

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо Монголын төрийн  феодалын бутралыг намжааж нэгдсэн хаант төрийг сэргээн  бэхжүүлсэн Батмөнх даян хааны хөшөө өмнө зүгийг хараалан сүндэрлэнэ. Ур хийц, утга агуулга, донж маягийн хувьд таатай сайхан сэтгэгдэл төрүүлэх эл хөшөөг ажиж байхад түүхийн онц цагийн эргүүлэгт  өөрийн эрхгүй аваачив. 1460-аад оны үед Чингэсийн угсааны Баянмөнх болох жонон авга ах Мандуул хаантай хямралдан тэмцэлдэж дарагдаад Хутган тасартай /Хутагт дэрэстэй/ нэрт газарт буруулан явахад түүний хатан Урианхайн Шихэр хэмээхээс нэгэн хөвүүн мэндэлсэн нь Батмөнх.

Батмөнхийг нялх байхад Юншээбүү овгийн ноёд эцгийг нь алж Шихэр хатныг богтлон аваачсан тул өнчин хоцорсон Батмөнх Халхын тангуд овгийн айлуудаар хэсүүчилж явсаар өсч өндийсөн түүхтэй. Батмөнхийг хоёр зовлонгоос гэтэлсэн гэх бөгөөд бэтэг өвчин тусаад эдгэрсэн, Хулгарын голын усанд унасан боловч бусдын дэмжлэгээр амь гарсан хэмээн Д.Гонгорын “Халх товчоон” бүтээлд дурдсаныг уншсанаа санаж байна.  Батмөнхийн хүүхэд ахуй цаг үед Халх, Ойрад хоёр хямралдан тэмцэлдэж Ойрадын ноёдууд  “Боржигины үрийг тасалъя. Охин бол үсийг нь самная, хүү бол голыг нь самная /Алах/    хэмээн улайран тэмцэлдэж байв.

Тэр цагт Чингисийн шууд угсааны хүн өчүүхэн хөвгүүн Батмөнхөөс өөр байхгүй тул Онон голоор нутагтай Өнө болад ван /зарим эх сурвалжид нэрийг өөр өөр бичиж байна/ тэргүүтэй Хабат Хасарын угсааны ноёд  Мандуул хааны бага Хатан Мандухай сэцэнд “Галыг чинь цахиж, нутгийг чинь зааж өгье” хэмээн шаардлага тавьж хаан ширээ булаахыг оролдсон боловч Мандухай болон тухайн үеийн сурвалжит Ноёд эрс эсэргүүцэн боссон байдгийг бид мэдэх билээ.

Энгүд отгийн Цоросбай Чинсэнгийн охин Мандухайд балчир даян хааныг Тангудын Төмөр хадаг хүргэж өгсөн гэдэг. Ингэснээр Даян хааныг эрийн цээнд хүрэх он жилүүдэд  Мандухай сэцэн хатан төрийн жолоог чиглүүлж 1470 онд долоон настай Батмөнхийг хаан сууринд суулгаж “Амь нь бат төр нь мөнх, явдал ёсон сайн, даян бүгдийн эзэн болтугай” гэж даян цол өргөж  их хаанаар өргөмжилжээ.

“Батмөнх даян хааныг  Халх ойрадын цавчилдааныг дарж, зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж  энхжин жаргуулсан, гар газар хөл хөсөр, энх цагийг тогтоосон, даян хаан нас заяа, үр үндэс алинаар ч тэгш сайхан байжухуй” хэмээн магтан сайшаасан байдаг. Зургаан түмний зүүн түмэнд Халх, Цахар, Урианхай, баруун түмэнд Ордос, Түмэд, Юншээбүү, Хасарын угсааны Хорчин аймаг, дөрвөн түмэн Ойрад багтаж байв. Монголын түүхэнд товойн гарсан энэ бие хүний амьдрал, түүх говь нутагтай холбогддог тухай түүхийн баримт сэжүүрийг судлаачид гаргаж тавьжээ.

Түүхт хааны мэндэлсэн газар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг мөн болохыг сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаа, бүтээл харуулж байна хэмээн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэлсэн. Даян хааны эцэг Баянмөнх болох жонон, түүний эцэг Хархуцаг тайж Чингисийн шууд угсааны ноёд юм. XV-XVII зууны үед Халх ноёд Ойрадаас хатан залах явдал нийтлэг байжээ. Баянмөнх болох жонон бол Хархуцаг тайжийн хатан Ойрадын Эсэн тайшийн Сэцэг нэрт охиноос гарсан бөгөөд гурван настай байхад нь өөрийн уг төрхөм Гурван сайхан уулын газарт авчирсан хэмээн түүхийн эх сурвалжид дурджээ. Гурвансайхан уул бол Өмнөговь аймгийн нутагт байх сүлд шүтээн хайрхан юм.

Ер нь Монголын Их хаадын орд өргөө үеийн үед Хэрлэн, Онон, Туул, Орхоны хөндийд төвлөж эндээс их хэргийг удирддаг байсныг түүхийн эх сурвалж өгүүлдэг. Харин Чингэсийн 15 дахь үеийн ач, Даян сэцэн  хааны орд өргөө Хангай уулаас урагш говийг өнгөрч  суурьшсан төдийгүй үүгээр ч зогсохгүй  Хөх хотын орчимд орд өргөөгөө шилжүүлж байсан нь урд зүгээс ирэх аюулыг гэтэлгэх дайн тулааны зорилготой байсны дээр өөрийн нутгаа үр хүүхдүүдээ хуваан захируулсантай ч холбоотой байхыг судлаачид хэлдэг. Эх сурвалжид  дурдсанаар даян хаан өөрийн хөвгүүддээ газар нутаг, өв хөрөнгө олгохдоо халх түмнийг тавдугаар хүү Алчиболод, 11 дүгээр хөвгүүн Гэрсэнз нарын мэдэлд өгсөнөөр Өвөр халх, Ар халх хэмээхийн үндэс суурь тавигджээ.

Өврийн таван отог нь Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд овгийнхон буюу одоогийн Өвөр монгол нутагт суурьшиж буй түмний зарим төлөөлөл  юм. Харин Гэрсэнзэд оногдсон газар нутаг бол арын долоон отог буюу долоон хошуу ба түүний үр хүүхдүүд зүүн зүгийн Хянганы нуруунаас баруун тийш Алтайн уул, өмнө зүг элсэн говиос  умард зүгт Оросын хилд тулсан уудам газар нутагт эзэн сууж байв. Даян хаан Батмөнх, Мандухай сэцэн хатан хоёр 1400-гаад оны хоёрдугаар хагаст Монголын түүхэнд товойн гарсан хоёр түүхэн хүн билээ. Аль нэгийг нь онцолж ярих нь явцуу гэж түүхчид үздэг.

Даян хааны мэндэлсэн газар буюу одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумаас холгүй зүүн зүгт одоогийн Дорноговь аймгийн урд хил Хатанбулаг сумын нутагт Хатны булаг хэмээх ус ургамал жигдэрсэн говийн баян бүрд бий. Хатны булгийн домгийг Чингэс хааны хатан, Татаарын Есүй, эсвэл Мэргэдийн Хулан хатны түүхтэй холбон үздэг ч сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүгнэлтээр Мандухай сэцэн хатны үйл хэрэгтэй хамааруулж үзсэн судалгааны бүтээл гараад байна. СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн хамтарсан “Хатны булгийн нууцаас” хээрийн судалгааны анги 2016-2018 оны хооронд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд судалгааны ажил хийсэн юм. Уг судалгааг гардан зохион байгуулсан  судлаач С.Өлзийбаяр, Б.Баатархүү, Б.Очир, А.Уранжаргал нарын хамтын бүтээл “Домогт хатны булаг” ном хэвлэгдэж олны хүртээл болсон.

Судалгаагаар говийн бүсэд босгосон шороон хэрэм, хэрэм орчмын түүх соёл дурсгалыг бүртгэхэд Мин Улсын үеийн хөх шаазан, цагаан шаазан зэрэг олон олдвор олджээ. Даян хааны үед Мин улсаас ширүүн довтолгоо ирж байсан бөгөөд урд зүгийн довтолгооноос сэргийлэх зорилгоор хамгаалалтын бэхлэлт барих болсоны нэгэн илрэл нь Хатны булгийн шороон хэрмийн цогцолбор дурсгал болно. Хатны булгаас холгүй орших баруун зүүн Хасар уул нь бэлчээр усны нөөц сайтай, нөмөр нөөлөгтэй, хавьдаа хамгийн өндөрлөг тул алсын бараа тольдоход  нэн тохиромжтой байгаа нь хаад язгууртны суух нутаг орны шинжийг хадгалсан байна гэх зэргээр бичжээ. Даян хааны  үед хүчирхэгжиж явсан Хятадын Мин Улс нь  1644 онд Жүрчид угсааны Манж гүрэнд эзлэгдэж байлаа.

Гандирсын хот

Бидний хөтөлбөрийн нэг хэсэг нь Даланзадгадаас баруун хойш байх Баян заг орчим үргэлжилсэн юм. Өнөөх динозаврын өндөг олддог газар шүү гэж замын гудаст санан тэндээс нэг гоёхон зүйл олоод харчих юмсан гэж бодож явлаа.

Оройн нар тонгойж талын зоон дээгүүр давах үест Баянзагт ирж  орчныг баахан дурандав. Шингэх наранд туяаран харагдаж үзэмжит дээлээ өмссөн улалзан дүрэлзэх цонж бол  Гандирсын хот юм аа. Европт ид шидтэй чулууны тухай олон домог хууч яриа өрнөж эл чулууг олбол ертөнцийг эрхшээнэ хэмээн ирээдүйг зөгнөгчид, эрдэмтэн мэргэд, элдэв донтон хүртэл  чулууг хайж явсан түүхээс гадна алс дорно зүгт  нэгэн нууцлаг хийгээд ид шид, тайлагдашгүй оньсого мэт газар байна.

Тэнд Шамбалын орон бий хэмээн Түвэдийн өндөрлөг Монголын цөл говийг дамнасан эрэлчид, түүх бүтээгч аялагчид цувж  байлаа. Зарим нь Монголын говиос алмас хайсан байдаг.  Төв Азийн өндөрлөг эрс тэс уур амьсгалтай энэ газар нутаг эртнээс гадаадын жуулчид аялагчдын сонирхлыг татсаар ирсэн юм. Оросын хаант улсын армийн хошууч, нэрт аялагч, газар зүйч, байгаль судлаач, Николай Михайлович Пржевальский  1870-1873 оны хооронд монгол орны говь нутгаар дамжин эртний Дайду буюу Бээжингээс баруун зүгт Түвэд хүртэл аялж монголын говь цөлд ургадаг олон ургамал, амьтны тухай сонирхолтой баримт материал цуглуулж байсан бол АНУ-ын Байгалийн түүхийн музейн археологич, нэрт аялагч Рой Чэпман Эндрюсын удирдсан экспедиц 1923 онд  Баянзагийн ойролцоо үлэг гүрвэлийн өндөг олсон.

Бидний аяллын үед Монголын Уул уурхайн 7 хоног” 2023 чуулган болж Оюу толгойг нээн илрүүлсэн “Айвэнхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Мартин Фрийдланд зочин илтгэгчээр оролцохдоо “Монгол орны говь цөл нутагт цаашид олон, олон Оюу толгой нээгдэх нь тодорхой юм” хэмээн хэлсэн нь Монголын говьд олон эрдэнэ, баялаг нуугдаж байгааг анзаарч хэлсэн үг биз ээ. Баян заг орчмыг тохижуулж, аялагч жуулчдад зориулсан олон зүйлийн мэдээллийг ирсэн гийчин бүрт үзүүлж байгаа нь олзуурхууштай санагдсан. Өмнийн говь, Дорнын говь гэх хоёр говь бол хоорондоо хүйн холбоотой гарах орох хаалга үүдтэй, эрдэс баялгийн дундаршгүй савтай, үл тайлагдах оньсого мэт нууцлаг газрын үүр уурхай билээ.

Үргэлжлэл бий…

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button